Нүүрс, зэсийн экспорт саарах төлөвтэй

Нүүрс, зэсийн экспорт саарах төлөвтэй

Энэ оны IV улирал хүртэл бага агууламжтай нүүрс үйлдвэрлэл үргэлжлэх төлөвтэй байгаагаас шалтгаалж ирэх III улирлаас эхлэн нүүрсний болон Оюутолгойн зэсийн экспорт саарах хүлээлттэй.
Өнгөрсөн онд манай улс 51 сая тонн нүүрс олборложээ. Өмнөх онтой харьцуулахад өсөлттэй байсан  ч зорилтод түвшиндөө хүрээгүй.  Экспортод 42 сая тонныг гаргахаар зорьсон хэдий ч мөн л зорилтод төвшинд хүрээгүй.  Оны эцэс гэхэд  36 сая тонн нүүрс гадагш гаргасан. Өөрөөр хэлбэл,  оны сүүлийн хоёр сард Хятадын тал нүүрс татан авалтаа огцом бууруулснаас шалтгаалж  нүүрсний үйлдвэрлэл багасч экспорт  дагаад буурсан.  Харин энэ онд дахин 42 сая тонныг гаргахаар төлөвлөсөн. Гэвч урьдчилсан байдлаар нүүрснээс хамаарч  энэ оны  IV улирлын дүнгээр уул уурхайн салбар төдийлөн сайнгүй байх дүр зурагтай байна гэж Дэлхийн банкны эдийн засагч Б.Даваадалай Монголын бизнесийн зөвлөлөөс зохион байгуулсан уулзалтын үеэр хэлсэн юм. Үүнийгээ тэрээр 2019 оны нүүрсний үйлдвэрлэл, экспортын бууралт сүүлийн 3-4 жилд байгаагүй бууралтыг үзүүлсэн учраас ийм таамаг  хийхэд хүрсэн гэсэн юм. Түүнчлэн 2019 онд 1.2 сая тонн зэс экспортолсон. Энэ нь 2017, 2018 оныхоос ялимгүй буурсан. Зэс дэх алтны агууламж, түр зогсолтоос шалтгаалж буурсан гэж байв.  Цаашид  энэ оны  IV улирал хүртэл бага агууламжтай нүүрс үйлдвэрлэл  үргэлжлэх төлөвтэй байгаагаас шалтгаалж ирэх III улирлаас  эхлэн нүүрсний болон Оюутолгойн зэсийн экспорт саарах хүлээлттэй байгаа гэв.  Мөн гадаад талаас тухайлбал,  Хятадын эдийн засгийн өсөлтийн удаашрал манайд эдийн засагт эрсдэл үүсгэхийг ч анхааруулж байна. 
Төсвийн орлого төсөөлж байснаас 700 тэрбумаар нэмж төвлөрсөн
Хөрөнгө оруулалтын тухайд онцолбол, гадаадын шууд хөрөнгө оруулалт өнгөрсөн онд  өмнөх онуудын түвшинд хадгалагдаж  2.2 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалтыг оруулсан байна. Цэвэр мөнгөн  дүнгээр бол  2.4 тэрбум ам. доллар гэж үзэж байгаа юм. Анх батлагдах үед нэлээн шүүмжлэлтэй тулгарч байсан 2020 оны төсөв хоёр их наяд төгрөгийн алдагдалтай батлагдсан ч эдийн засгийн бүцээр нь авч үзвэл  сүүлийн гурван жилд төсвийн алдагдалд  ахиц гарсан гэв.  
2019, 2018 онд тогтворжуулалтын  болон хөрөнгө оруулалтын санг оруулаад нийт тэнцэл ашигтай гарсан.  Энэ хугацаанд орлого анх төсөөлж байснаас 700 гаруй тэрбум төгрөгөөр нэмж төвлөрсөн аж. Үүгээрээ өмнө байгаагүй өндөр  гүйцэтгэлтэй байгааг харуулсан.  Нөгөөтэйгүүр нүүрсний экспорт сүүлийн хоёр сард саарсан ч төсвийн орлого төвлөрүүлэлт давж  орон нутгийн болон төрийн өмчийн компаниуд ашигтай ажилласан. Ингэснээр сүүлийн гурван жилд төсвийн тэнцэл сайжирсанг Дэлхийн банкны эдийн засагч онцолж байна. 
Зээлийн өсөлт огцом буурвал эдийн засгийг тэтгэх нөлөө багасна
Инфляци есдүгээр сар хүртэл нэлээн өссөн. Ялангуяа Улаанбаатар хотын хэмжээнд 10 хувь давсан. Харин оны сүүлийн саруудад  буурч одоогоор  5.2 хувьтай байна.  Өнгөрсөн оны сүүлээр хатуу түлш, нүүрсний үнэ өсч тавдугаар сараас  Улаанбаатар руу  түүхий нүүрс оруулахгүй зэрэг бусад шалтгаанаас үүдэлтэйгээр  ийнхүү өссөн юм.  Энэ өндөр өсөлт өнгөрсөн оны IV улиралд автоматаар буурч энэ нь зээлийн өсөлтөд нөлөөлсөн. Эдгээрээс шалтгаалж инфляцид ирэх дарамт бага байсан гэж эдийн засагчид үздэг. Оны эцэст 5.2 хувь буюу Төвбанкны зорилтот төвшин болох найман хувиас доогуур гарсан. Ер нь 2018, 2019 онуудад инфляци ийнхүү хэлбэлзлээ.  Зээлийн өсөлтийг жилээр нь авч үзэхэд маш  тогтворгүй огцом өсдөг эсвэл огцом буурдаг. Энэ байдал Монголын эдийн засгийг мөчлөг дагуулах том  шалтгаан болохоор байна. Тухайлбал, 2013-2018 оны мөчлөгийг харах юм бол хасах өсөлттэй байсан. 2018 онд хэрэглээний зээл 50 хувийг давсан. Харин төв банкнаас хэрэглээний зээлийг танах арга хэмжээ авч иргэдийн зээлийн өр, орлогын  харьцааг  бууруулж валютын зээлд эрсдэлийн санг нэмэгдүүлсэн гэх мэт арга хэрэгслүүдийг авч хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгсөн. Түүнчлэн импорт өссөн. Гадаад мөнгөн урсгалд гадаад зах зээлээс  хамааралтай ханшийн дарамт их байсан. Үүний эсрэг зээлийн өсөлтийг хязгаарлах замаар өсөлтийг буруулах гэж нэлээд оролдсон. Хэдийгээр үр дүнгээ өгсөн ч зээлийн  өсөлт огцом буурах дохио байгааг анхааруулж байна. Зээлийн өсөлт огцом буурвал ирэх онуудад санхүүгийн салбар ялангуяа банкны салбараас эдийн засгийг тэтгэх нөлөө  буурна гэсэн урьдчилсан хандлагатай. Манай экспорт 12, импорт дөрвөн хувиар өссөн. Нийт дүнгээрээ худалдааны тэнцэл өнгөрсөн оноос харьцангүй бага гэхдээ нийт дүнгээр 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарсан. Жилийн найман тэрбум ам.долларын гадаад худалдааны эргэлттэй манай орны хувьд дээрх ашиг өндөр үзүүлэлт аж. Ингэснээр манай эдийн засгийн өсөлт 6.1 хувьд хүрсэн. Үүнд хэрэглээний импорт саарсан нь өмнөх оны хэмжээнд хүрээгүйг хэлж байна. Валютын нөөц сүүлийн гурван жилд нэмэгдэж арилжааны зах болон банкуудад интервенц хийснээр ханш тогтвортой  байсан. Цаашид урт хугацаандаа үр дүн гарч ханш тогтворжих төлөвтэй. Ямар ч байсан уул уурхайгаас хамааралтай манай эдийн засгийн өсөлт энэ онд буурахаар байна гэж таамаглаж байна.
 
 
Ц.Мягмарбаяр
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин