АВЛИГАГҮЙ МОНГОЛЫН ТӨЛӨӨ МӨНГӨГҮЙ СОНГУУЛЬ, УХААЛАГ СОНГОЛТ!

 

 

АВЛИГАГҮЙ МОНГОЛЫН ТӨЛӨӨ МӨНГӨГҮЙ СОНГУУЛЬ, УХААЛАГ СОНГОЛТ!

 

Монгол Улсад авлига сонгуулиас эхлэл болдог. Бид бүгдээрээ маш сайн мэднэ, сонгуулийн сурталчилгааны хугацаа эхлэхэд энд тэндгүй зурагт самбар, телевиз радиогоор зогсолтгүй захиалгат нэвтрүүлэг, гудамжинд залуучууд хорь, гучаараа туг намируулан өдөржин алхана. Энэ бүхний цаана хэдэн зуун сая төгрөг, цаашлаад хэдэн тэрбумаараа яригддагийг өөрийн биеэр нэр дэвшихдээ мэдэрлээ.

УИХ-ын гишүүний 4 жилийн цалин 100 сая төгрөг хүрдэггүй. Гэтэл багадаа 500 сая, дээшээ хэдэн тэрбумаар нь сурталчилгаанд зарцуулж буй нөхөд УИХ-д сонгогдвол хэний төлөө ажиллах вэ? Та бидний өмнөөс шударга бусын эсрэг зогсож, ард иргэдийн дуу хоолой болж, бидэнд үйлчилж чадах уу? Эсхүл зарцуулсан хэдэн зуун сая төгрөгөө хэд дахин нугалах гэж дуугүй суух болов уу? Яг эндээс л бид өөрчлөлт хийх хэрэгтэй байна.

Миний хувьд энэ удаагийн сонгуульд их хэмжээний зардал гаргахгүйгээр сонгуулийн шинэ соёлыг түгээхээр зорьж ажиллаж байна. Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс хойш өдөр бүр өөрийн биеэр 300, 500 гаруй иргэнтэй нэг бүрчлэн уулзаж, өөрийгөө танилцуулж, иргэдийн санал хүсэлтийг сонсон хэрхэн ажиллах талаараа ярилцаж байна. Иргэд энэхүү арга барилыг дуртай хүлээн авч байна. Та бидний сонголтоор сонгогдох УИХ-ын гишүүн бол бидний төлөө ажиллах төлөөлөгч болохоос, бидний ДАРГА биш юм.