Ч.Хүрэлбаатар: Төсөвт тодотгол хийнэ. Гэхдээ их өөрчлөлт ороогүй

 

Сангийн сайдаар улиран сонгогдсон УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатартай цөөн хором ярилцлаа.


-Экспорт өнгөрсөн жилүүдээс хэр их буурсан бэ?

-Эхний зургаан сарын байдлаар төсвийн орлого 1.2 их наяд төгрөгөөр тасарсан. Үүний 50 орчим хувь нь экспортын бууралттай холбоотой байгаа. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эхний хагас жилийн байдлаар 18 сая тонн орчим нүүрс экспортоор гарчихдаг байсан бол энэ жил 8.7 сая тонн нүүрс гаргасан. Энэ бол цэвэр тээвэрлэлтээс улбаатай. Хил дээр үйлчилж байгаа хорио цээрийн горимтой холбоотой бууралт байгаа юм. Эндээс нийтдээ 332 тэрбум төгрөгийн орлого буурчихсан байж байгаа. Түүнчлэн зэсийн үнэ экспортын бууралтад нөлөөлж байна. 6000 гаруйтай яваад байдаг байсан зэс 5000 руу унаад ирчихсэн. Үүнтэй холбоотойгоор зэсийн үнийн бууралт 137 тэрбум төгрөгийн тасалдал гарчихаад байгаа юм. Мөн газрын тосны экспорт буусан. Дэлхий даяараа нефтийн үнэ буусан. Үүнтэй холбоотойгоор 73 тэрбум төгрөгийн бууралт байгаа. Яг өнөөдөр экспортын орлогын уналт, бууралт нь импортынхоо бууралтаас илүү өндөр байгаа учраас ханшин дээр тодорхой хэмжээний дарамт ирж байгаа. Ханшны хөдөлгөөн 3-5 хувь дотор хөдлөөд явж байгаа. "Ковид-19”-тэй холбоотой тодорхой арга хэмжээнүүдийг авсан. Хүн амын орлогын албан татварыг тэглэсэн, аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг тэглэсэн зэргийн үр нөлөө байгаа. Үндсэндээ экспорттой холбоотой орлогын бууралт ажиглагдаж байна.

-Тэвчиж болох яг ямар бодит зардлуудыг хасах вэ?

-Одоо хэлэхэд эрт байна. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд улс орон даяар өрнөж байгаа бүтээн байгуулалтын ажлууд дээр өөрчлөлт орохгүй.

-Коронавируст халдвараас сэргийлэх арга хэмжээний хүрээнд эдийн засгаа сэргээхийн тулд төсвийн тодотголыг хэзээ хийх вэ?

-Уи х шинээр бүрдэж, Засгийн газрын шинэ бүтцээр ажиллана. энэ бол 2019 оны арваннэгдүгээр сард батлагдсан төсөв. Тиймээс төсвийн тодотголыг ээлжит бус чуулган зарлаж батална. Нэг их томоохон өөрчлөлт энд орохгүй гэж бодож байна. Төсвийн хөрөнгө оруулалт, батлагдсан, яригдсан зүйлүүд хэвээрээ явна. Зарлагдаагүй, санхүүжилтийн дүнд холбогдох өөрчлөлтүүд нь орно.

-Зардал хэмнэх тал дээр хэрхэн ажиллаж байна. Дэд сайд, зарим агентлагуудын орон тоог бууруулах уу?

-засгийн газар, агентлагууд дээр ажиллаж байгаа хүмүүсийн тоо харьцангуй бага шүү дээ. Яамдууд дээр ажиллаж байгаа ажиллагсдын тоо засгийн газрын хэрэг эрхлэх газрыг оруулаад 1600 орчим хүн байдаг. Агентлаг дээр ажиллаж байгаа хүмүүсийн тоо 2700 орчим байдаг. Коронавирус дэлхий даяар тархсантай холбоотойгоор тэвчиж болох бүх зардлыг тэвчиж байгаа.

-Наадам зохион байгуулсан зардлыг тэвчиж болох байсан гэж иргэд ярьж байна л даа. Наадмын гурван тэрбумыг тэвчих боломжгүй юу?

-Орон нутгийн төсөв учир Нийслэлээс асуугаарай.

-Дэд сайд нарын албан тушаалыг хэвээр үлдээх юм байна, тийм үү?

-Энэ бол улс төрийн шийдвэр.

-Аж ахуйн нэгжүүдийг дэмжих хамгийн ойрын төлөвлөгөө юу байгаа вэ?

-Засгийн газар хоёр үе шаттайгаар арга хэмжээнүүдийг авсан. хамгийн эхлээд бизнесүүдийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийг дэлхийн бусад орнууд мөн хэрэгжүүлж байгаа.

-Аж ахуйн нэгжүүд банкнаас хөнгөлөлттэй зээл авахыг хүсч байна. Ийм боломж бий юү?

-Улсын төсвөөс Монгол Улсын нийт аж ахуйн нэгжүүдэд мөнгө өгөх боломжгүй.

-Манай татварын системд хүмүүс их шүүмжлэлтэй ханддаг. Татварын багц хууль эдгээр алдааг засч, оноог нарийн тусгаж чадсан уу?

-2019 оны гуравдугаар сард татварын багц хуулинд шинэчлэлт хийсэн. Өнгөрсөн хугацаанд татвартай холбоотой гарч байсан асуудлуудаас харж байгаад ололттой, дэвшилттэй зүйлүүдийг нь баталгаажуулсан. Алдаатай, эргэлзээтэй, хоёр янзаар тайлбарлагддаг, татвараас зайлсхийж болох боломжуудыг гаргасан тэр бүх зүйлүүдийг нь хааж, нэлээд сайжруулсан ийм хууль гаргасан. Ерөнхий зарчим нь татварын хууль их энгийн байгаасай гэж үзэж байна. Олон шатлалтай, олон хувь хэмжээтэй болоод эхлэхээр зарим хүмүүс үүнийг ашиглаад хооронд нь шилжүүлж, гүйлгээд давуу байдал үүсгээд байдаг. Тиймээс хэрэглэхэд энгийн ойлгомжтой татварын хуулийг бий болгохоор нэлээд ярьж, өнгөрсөн парламентад хийсэн. энэ бол үр дүнгээ өгсөн. хэрэгжилтийн явцад сайжруулах зүйл байхыг үгүйсгэхгүй. У.хүрэлсүхийн засгийн газар гоё нэртэй ямар нэгэн бонд гаргаагүй, арилжааны нөхцөлтэй ямар нэгэн зээл аваагүйгээр бүрэн эрхийн хугацаагаа дуусгасан. Одоо шаардлагатай тохиолдолд дотоодын бонд гаргах бүх ажлыг хийчихсэн байгаа. Өмнөх шиг арилжааны банкуудаас зээл аваад байхгүй. Блокчэйн дээр үндэслэсэн технологиор авагддаг орчныг бүрдүүлсэн. Монгол Улсын иргэн хэн ч үүнд оролцож Засгийн газрын үнэт цаасыг худалдаж авах боломж бүрдээд жил болж байна. зээл авах шаардлагагүй байсан учир ашиглаагүй. Боломж нөхцөл нь бүрдчихсэн байгаа.

-2.9 тэрбум бондын төлбөрийг шийдэх боломжтой юу?

-засгийн газар үнэт цаасны дунд хугацааны стратегийг УИХ баталчихсан байгаа. Үүний дагуу шийднэ. эдийн засаг, төсөвтөө дарамт учруулаад байхгүйгээр энэ бондуудын төлбөрүүдийг шийдчихнэ. МАН-ын мөрийн хөтөлбөрт өрийн дарамтгүй улс, дэд бүтцийн томоохон сүлжээ, мега төслүүдийг санхүүжүүлнэ гэж байгаа. энэ санхүүжилтүүдийг давхар шийдэх ийм боломжуудыг гаргаж, нээж ажиллана. Зээлжих зэрэглэл дээр гурван байгууллага байдаг. Сонгуулийн өмнө хоёр байгууллагын нэг нь зээлжих зэрэглэлийг хэвээр нь үлдээсэн.