Наймдугаар сарын 17-ноос дугаарын хязгаарлалтыг зөрчвөл торгууль ногдуулна

 

 

 

Дугаарын хязгаарлалын талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэл хийж байна. 

Өнгөрсөн хугацаанд НИТХ-аас тогтоож байсан дугаарын хязгаарлалтыг Замын хөдөлгөөний тухай хуульд өөрчлөлт оруулсантай холбоотойгоор Засаг дарга тогтоодог болжээ. Засаг даргад олгогдсон эрхийн дагуу Нийслэлийн хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан  дугаарын хязгаарлалттай холбоотой захирамжийг өнөөдөр баталсан байна. 

Ажлын өдрүүдэд үйлчилдэг байсан дугаарын хязгаарлалт, хязгаарлалтын бүсчлэл хэвийн хэмжээнд үйлчилнэ гэв. Хязгаарлалт тогтоосон цэгүүдийн захын хэсгүүдэд нийтийг хамарсан томоохон хэмжээний машины зогсоолыг байгуулахаар газрын асуудлыг судлах юм байна. Ингэснээр хязгаарлалтын бүс хүртэл иргэд өөрсдийн машинаар зорчоод, машинаа зогсоолд байрлуулаад, чиглэлийн автобусаар ирэх боломжийг нь нээх гэнэ. 

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Энхболд "2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр  тодорхой хуулиудад өөрчлөлт орсноор дугаарын хязгаарлалттай холбоотой захирамж өнөөдөр батлагдлаа.

Дугаарын хязгаарлалтын бүс замын тэмдгийн стандартад шинээр орлоо. Энэ тэмдэг нь хөдөлгөөнд оролцож байгаа жолооч бүрийн мэдэж байх ёстой тэмдэг болсон. Дугаарын хязгаарлалтын эхлэл болсон улаан тэмдэг рүү нэвтрээд орсон тохиолдолд дугаарын хязгаарлалтын бүс гэсэн тэмдэг хүртэл энэ бүсэд зорчиж байна гэсэн үг гэдгийг ойлгох хэрэгтэй.

Дугаарын хязгаарлалтыг зөрчсөн иргэн 20 мянга, хуулийн этгээд 200 мянган төгрөгийн торгуультай.

08:00-20:00 цаг хүртэл дараах бүсэд хөдөлгөөнд оролцохгүй. 

32-ын тойргоос Баянбүрд, Зуун айл, Сансрын аюулгүй тойрог, Дүнжингарав захын уулзвар хүртэл хамаарна. Нарны зам бүхэлдээ хамаараад Тэмээтэй хөшөөнөөс хойших хүртэл, Механик инженерийн сургуулиас хойшоо Нарны гүүр, Хермес, 10-р хороолол, Гурвалжингийн гүүр, Саппорогийн аюулгүйн тойрог, Хорооллын эцэс, Өргөө, Дэнжийн мянга гэсэн бүсэд дугаарын хязгаарлалт үйлчилнэ. 

Дугаарын хязгаарлалтыг зөрчсөн иргэн 20 мянга, хуулийн этгээд 200 мянган төгрөгийн торгуультай. Наймдугаар сарын 17-ны өдрөөс дугаарын хязгаарлалтын бүсийн тэмдгийг тавьж, зөрчсөн тохиолдол зөрчил гэж үзнэ гэлээ.