ЖДҮ-гийн хууль дүнгээ өгч эхэлжээ

 

 

 

"...ЖДҮ” гэхээр мэдэхгүй хүнгүй болсон доо. Өмнөх УИХ-ын хэдэн гишүүний царай нүдэнд буугаад ирэх вий.

2018-2019 онд ЖДҮ-гийн асуудал босч ирж, хууль, хяналтын байгууллагууд дээр хэрэг үүсгэж шалгасан. Зарим гишүүн хууль зөрчиж ЖДҮ-гийн зээл авсан болох нь тогтоогдсон. Шүүхээр хүртэл шийтгүүлсэн хэд хэдэн экс гишүүн бий.
Үүнтэй зэрэгцээд УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нарын гишүүд Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих тухай хуулийг санаачилж нэлээд хугацаанд хугацаанд хэлэлцүүлж байж 2019 оны зургадугаар сарын 6-ын өдөр батлуулж байв.
Энэ хуулийн онцлог нь олон мянган жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн санаа бодлыг тусгасан хэмээн төсөл боловсруулагчид хэлдэг.
Ингэж хуультай болсны дараа Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөрийг баталсан. Ингээд Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих тухай хууль хийгээд Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд ХХААХҮЯ-ны ЖДҮ-ийн газрынхан ЖДҮХС-гаас "Зээл олгох журмыг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар батлуулсан.
Ер нь бол ЖДҮ-ийг дэмжих бодлогын хүрээнд ХХААХҮЯ-ны ЖДҮ-ийн газрынхан долоон хууль, гурван хөтөлбөрийг барьж ажиллаж буй аж.
Эдгээрээс гол нуруу болж буй нь мэдээж хэрэг 2019 оны Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих тухай хууль юм байна.
Нөгөө талдаа дээрх хуулиудаас шинэчлэх шаардлагатай хууль ч байдаг байна.  ХХААХҮЯ-ны ЖДҮ-ийн газрынхан  жижиг, дунд үйлдвэрийг хариуцдаггүй. Нэмээд хоршоо, ахуйн үйлчилгээ гэсэн салбарын бодлого, хэрэгжилтийг хангаж ажилладаг. Тэгэхээр хамгийн сүүлд Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр нэлээд "сууцгаасан” байгаа юм.
Ерөнхийдөө 2019 оны Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт, өмнөх жилүүдэд нэр хүнд нь унаж, иргэд, зорилтот бүлгийнхний дунд эргэлзээ төрүүлсэн ЖДҮ-гийн зээлийг ил, тод шуурхай зөв олгох тал дээр ХХААХҮЯ-ныхан хүч тавин ажиллаж буй ажээ.
Хууль, бусад бодлогын бичиг баримтад тулгуурлаж 2019 оны ЖДҮ-гийн зээлийн төсөл сонгон шалгаруулалтаа зохион байгуулсан байна. Үр дүн нь сайн гарчээ. Сонгон шалгаруулалтад оролцсон бүхий л аж ахуйн нэгжүүд дунд судалгаа хийсэн байна.
Ингэхээд шалгарсан, шалгараагүй бүгд л "...Сонгон шалгаруулалт эргэлзээгүй болсон” гэж дүгнэжээ.  "...Хэдийгээр шалгарч амжаагүй ч гэсэн төсөв сонгон шалгаруулалтад оролцоод шударга болж байгаа юм байна. Өөрийнхөө төслийн алдааг олж харж чадлаа. Дараа жил төслөө өгөхдөө өмнөх алдаагаа ингэж засах юм байна гэдгээ мэдэж авлаа гэж  олон хүн хэлж байсан” хэмээх ХХААХҮЯ-ны ЖДҮ-ийн газрын дарга Я.Эрдэнэсайхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолж байсан.
Өөрөөр хэлбэл, хууль, журмаа бариад явбал сонгон шалгаруулалт шударга явагдах боломжтойг ЖДҮ-ийн газрын дарга хэлсэн нь энэ юм.
Мөн Хөгжлийн банкны бондыг 2020 онд хүүтэй нь бүрэн дарж дуусгасан байна. газар ХХААХҮЯ-ны ЖДҮ-ийн газар дотроо Бүртгэл статистик нэг цэгийн Үйлчилгээний хэлтэс байгуулжээ. Энэ хэлтсээс хэн ч ирээд дуртай үедээ бүх талын зөвлөгөө, мэдээлэл  авах боломжтой. ЖДҮ-ийн салбарын талаар ямар ч ойлголтгүй нөхөр цаасан дээр төсөл бичээд мөнгө авчихдаг байсан бол одоо эхлээд бодит мэдээллээ авна гэсэн үг.
Дараа нь сургалтандаа сууна. Эцэст нь сургалтад хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн төслүүдийг ЖДҮХС дээр хүлээж авдаг болох юм байна. Өөрөөр хэлбэл, жижиг дунд бизнес эрхлэх хүн бизнесийнхээ талаар тодорхой мэдээлэлтэй болж, санхүү нягтлангаа яаж удирдах, ямар татвар төлөх вэ, эрсдэл, боломжоо эндээс тооцоолчих мэдлэгтэй болно. Үүндээ  тулгуурлан төслөө бичнэ. Төсөл бичихэд нь ч дотроо Бүртгэл статистик нэг цэгийн Үйлчилгээний хэлтэс туслалцаа үзүүлэх үйлчилгээ өгнө гэсэн үг.

2019 онд баталсан хуулийн хэрэгжилттэй холбоотой олон сайн үр дүнг ХХААХҮЯ-ны ЖДҮ-ийн газрынхан хэлж байна. Олон ч ажил төлөвлөжээ.

Өргөсийг авангуут хөндүүр нь шууд арилдаггүй. Гэхдээ ингэж ажиллахад ЖДҮ-гийн зээлийн олголтод эргэлзэх байдал аажмаар ч болов арилна. Ямартай ч 2019 онд Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих тухай хуулийг баталж, хэрэгжүүлж эхэлснээр өргөсийг нь авсан бололтой.
Бас нэг хэцүү асуудал тулаад байгаа нь Монгол Улс дахь COVID19 цар тахлын халдварын тархалтад хамгийн их өртөж байгаа нь жижиг дунд үйлдвэрлэл болж байна гэдгийг ХХААХҮЯ-ны ЖДҮ-ийн газрынхан онцолж байна.
Монгол Улсад 93858 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагийн 66.3 хувь нь жижиг, дунд, бизнес байдаг. Судалгаагаар энэ салбарын 90 гаруй гаруй хувь нь  COVID19 өртсөн гэх дүн гарчээ. Тиймээс 2020 онд илүү анхаарал тавьж, уналтаас сэргийлэх арга хэмжээ авах хүндхэн даваатай бодлого хэрэгжүүлэгчид нүүр тулаад байгаа аж.


Б.Гарьд
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин