Х.Баттулга, Ч.Хүрэлбаатар нарын хэн нь худлаа яриад байна вэ?

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өчигдөр "өрх бүрд нэг сая төгрөг”-ийн тэтгэлэг олгох бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх "Коронавируст халдварын цар тахлаас үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн барьсан тогтоолын төсөлд өрх бүрд нэг сая төгрөгийг, үүнээс 200 мянган төгрөгийг бэлнээр, 800 мянган төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах тусгай болзол бүхий эрхийн бичиг хэлбэрээр олгож, санхүүжилтийг оффшор бүсээс татагдан орж ирсэн хөрөнгийн эх үүсвэрээр шийдвэрлэх зохицуулалтыг тусгажээ. Тодруулбал оффшор бүсээс орж ирсэн мөнгөн хөрөнгийг Монголбанканд төрийн сангийн тусгай данс нээн байршуулахаар заасан байв. Тэгвэл Сангийн Сайд Ч.Хүрэлбаатар өнөө өглөө өөрийн сошиал хуудсандаа : "Оффшороос ямар ч мөнгө төрийн санд орж ирээгүй. Оффшороос мөнгө оруулж ирвэл улсын орлого эсвэл тухайн иргэний мөнгө эсэхийг шүүх эцэслэн тогтоох ёстой. Хувь хүний хөрөнгийг улс хураан авахыг зөвхөн шүүх шийднэ. Монгол хуульгүй, дүрэмгүй улс уу? диктатор гараад ирчихсэн юм уу?" хэмээн бичсэн юм.

 

Өөрөөр хэлбэл Монгол Улсын Сайдын хэлж байгаагаар бол Монгол Улсын Ерөнхийлөгч огт байхгүй эх үүсвэрээс мөнгө олгох хуурамч тогтоолын төсөл санаачилсан болж таарч байна.

Эсвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэдэж байгаа Монгол улсад орж ирсэн асар их мөнгөний тухай Монгол Улсын Сангийн Сайд нь мэдээгүй болж таарч байна. Чухам Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Сангийн Сайд Ч.Хүрэлбаатар нарын хэн нь худлаа, хэн нь үнэн яриад байна вэ?

 

Э.Мягмар

sonin